Ерөөсөө хүний зан чанарууд дотроос хамгийн онцгой нь мэдрэмж юм байна гэж бодогдох юм. Ажаад байхнээ нь нарийн мэдрэмжтэй хүн мэдлэгээ их мэдрэмжтэй цуглуулах юм, мэдрэмж муутай хүн аваад суусан ханиа ч танихгүй байсаар аяга шанаганы алчуур болгосон харагдах л юм. Гучин хоёр шүдтэй төрөөгүй байлгүй гэмээр нэр муутай нэгнээс Фрейдийн хэлснээс ч илүү мэргэн үгс сонсогдох л юм. Түүнийгээ түлээ нь багадсан овор ихтэй зуухныхаа ам руу өлийсхийнгээ хэнд ч хэрэггүй үг хэлж буй мэт даанч даруухан өгүүлэхийнээ, уяраад уйлмаар.
Гэв гэнэт хүмүүст нэг их хайр энэрэл төрөөд л, бодийн сэтгэл усны урсгал шиг хөврөөд л, нэг их байлдах шахуу болж байж олж авсан эд юмс, нэр нөлөө нь ямар ч үнэгүй, хэн ч тэдгээрийг тоож харахгүй, жирийн л төмөр мод болж харагдаад л. Эдгэшгүй өвчин туссанаа мэдсэн нэгэн эрхэм хүний амьдралын сүүлчийн мөчүүдээс яг ийм зураг харагдсан юм.
Уужуу бай, өгөөмөр бай, өглөгч бай, өрөвчхөн бай хүмүүсээ. Амьдралын амт нь Асрал Хайранд л байгаа. Өнөөх хүссэн өндөр оргил чинь үүний ард л нуугдаж байгаа даа.
No comments:
Post a Comment