Friday, July 27, 2012

Дэгдээхэй нас

 Намайг багад аав минь "шувуунаас гарсан" гэж өхөөрдөн нэрлэдэг байлаа. Тийм нэг шингэн зөөлөн шар үстэй, босоо бөөрөнхий нүдтэй, бумбагар шар этгээд байж дээ гэхээр цөөхөн хэдэн зураг гэр бүлийн ногоон цомогт үлдсэн байдаг юм. Тэр цомгын хамгийн эхний нүүрэнд Улъяновынхны \ Лениний бага насны нэр\ гэр бүлийн зургийг дөрвөн булангий нь дугуйлан хайчилж наасан байдагсан. Хэдэн жилийн өмнө Америкт амьдрахаар явахдаа хамгийн том зээ дүүдээ тэрхүү нандин ногоон цомогоо үлдээсэн юмдаг. Одоо ийнхүү дурсан суух миний бие зуугийн талыг хэдий нь насалжээ. Хүн яасан удаан ухаан суудаг амьтан бэ дээ. Тоолшгүй олон төрлийг дамжсан сүнснүүдийнхээ тонилох цагийг нааш татах завгүй эр эм, ээж аав бололцсоор, үйлийн эрхээр биш өөрийн эрхээр мэт жаргал хайн зүдэрнэ. 
Намайг ухаан ороход манайх Төв аймгийн Зуунмод хотод, нэгэн цагаан байшингийн хоёр давхарт байсан санагддаг юм. Ердөө байрны дэргэд шахуу байх цэцэрлэгт саарал өдөн малгай өмсөөд явдаг байснаа бүүр түүрхэн санадаг юм. Гэхдээ тэнд манайх их удаагүй, хоёр жил орчим болсон байх. Бага дүү маань тэнд төрсөн болохоор бид хэд дүүгээ "шанаг нь тав, шавхруу нь гурав" гэж дооглодог байж билээ. 
Манай хашаа Улаанбаатарын бага тойруугийн орон сууц, гэр хороолол хоёрыг заагласан төв замын дагуух нүүрний гудамны хамгийн зүүн захынх байлаа. Хашааны завсраар харна гэдэг бол одоогийн цонхоор харахтай адил ажил байж дээ. Дөрвөн замын уулзвар дээр тавьсан дугуй тавцан дээр цагдаа ах зогсоод шүглээ хангинуулж эрээн модоор ийш тийш нь дохиж өнжинө. Одоогийнх шиг олон машин байсангүй, оросын том голдуу машинууд улсын ажлыг амжуулан дуу чимээтэй явж өнгөрөх нь тийм ч тээртэй хөдөлгөөн биш байлаа. Өдөржин ах дүү гурван Болд \миний ах, хоёр дүү\ ын хамт гэр орноо буулгаж, талх сахарыг идэн цацаж өнжчихөөд ээж аавыг ажлаасаа ирэх дөхөхөөр амбаарын дээвэр дээр гарч Их дэлгүүрийн зүг ширтэн суудагсан.
Ээж минь Их дэлгүүрт ажилладаг байсан юм. Ажлаасаа ирэх болгондоо нэг гартаа тор дүүрэн юм нөгөө гартаа цүнхээ барьсаар ирэх ээжийгээ алжааж ядарсныг нь  үл ойлгох бид хэд амт шимттэй юм хүлээн гэртээ гүйлдэж орно.   

No comments:

Post a Comment