. Хүн өөртөө л хамгийн их хайртай байдаг гэж нэгэн нэрт сэтгэл судлаач хэлсэн гэнэ. Яах аргагүй л сэтгэлийг судалсан хүний үг байна даа. Чухам энэ хайраас л хамаг асуудал үүсдэг гэж Будда хэлсэн байх юм \яг ч ингэж хэлээгүй байх л даа, миний л ухаанаар\. Би-гээ хүмүүс дор бүрнээ дотроо бүтээж, нилээн эрт залуудаа өөртөө үнэлэмж тогтоож орхино. Тэр үнэлэмжиндээ "хандрид пөрсент" үнэмшиж бүр хөдөлшгүй нэгэн цул би-г цээжиндээ тээж явцгаана. Зарим нь БИ гэдэг ачаандаа түүртэж ядарна, зарим нь түүнээсээ зүүгдэж ниснэ, зарим нь түүнийгээ нуух газраа олж ядна, зарим нь түүнтэйгээ тун сайн хоршиж амьдарна. Бүр зарим нь түүнийгээ олохгүй хайна, хүн амьтнаас сураглана, аа бас бүр мундагчууд нь түүнтэйгээ тэмцээд ялдаг гэж байгаа.
Бас хорвоогийн хамгийн эмзэг сэдэв бол БИ-гийн тухай сэдэв аж. Нэг нэгэнтэйгээ муудвал нөгөө дотроо тээж явдаг БИ рүү нь довтлоод өгөхөд л асаад явчихна, саймширмаар санагдвал БИ-гий нь жаахан өргөөд өгөхөд дажгүй үр дүн гарчихна. Өөр өөрийнхөө Би-гээс болж эхнэр нөхөр хэрэлдэх бол өдөр тутмын өргөн хэрэглээ л гэсэн үг. Хэд хэдэн Би-нүүд, Бид болоод нам байгуулна, суудал сандал булаацалдана, бүр дайн байлдаан ч үүсгэнэ. Учир нь Би-гээс миний, манай гэдэг харъяалахын өвчин үүсдэг аж.
Ерөөсөө энэ БИ -г л тээж явахаа больчихвол энх амгалан жинхэнэ утгаараа тогтох юм биш үү таминь ээ.
No comments:
Post a Comment