Энэ дэлгүүрт байгаа тоймгүй олон барааны тун цөөхөн төрөл нь л хүний хэвийн хэрэглээний зүйлс байна даа гэж эгнээ хоорондуур эргүүтэж явахдаа би бодлоо. Хүмүүний түүхэн дэхь эрин үе болгон өөр өөрийн онцлогтой байсан ажгуу. Дайн байлдаанч эрин байлаа, урлагийн бүтээлч эрин байлаа, шинэ нээлтийн эрин үе байлаа, оюун санааны хөгжлийн эрин үе ч байлаа. Юм болгоныг зохиож гүйцсэн аж үйлдвэрлэгчид шүдний чигчлүүр, нүдний сормуус, хумсны хучаас, хөхний эвээс, хүүхдийн ухаан самууруулагч тоглоом, хөгшдийн дон хөдөлгөгч эм гээд хийж болох бүгдийг хором бүрд шинэ шинээр зохионо. Үйлчилгээний бизнес ч хоцрохгүй эрх сүрээ гайхуулах газар, ямбаны өргөө, хээгээ алдсан зугаа цэнгэл, оюуныг хордуулагч олон зүйлийг бодож олсоор. Хүмүүсийн халаасан дахь хөдөлмөрийн хөлсийг, тэдгээр хэнд ч хэрэггүй хог ба хорнуудаараа сольж авах гэж тун чиг "шинжлэх ухааны үндэслэлтэй" сурталчилгааг "багаар ажиллах чадвартай" бүлгүүд нь учиргүй ажил хэрэгч байдлаар ур чадвараа уралдуулан байж бодож олно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн орлогынхоо чамгүй хувийг тэдгээр сурталчилгааг сэхээ сэвгүй цацсаныхаа хүчинд бүрдүүлнэ. Түүнийг үзсэн дутагдсан юмгүй хирнээ дундуур сэтгэлтэнгүүд, байгалиас заяасан нь чамлагдаад байгаа мөнгө нь хатгасан хэсэг, хэрээг дууриаж юугаа яасан галуунууд гээд өөшний өт бологсод сая саяараа бэлэн. Ийм маягаар одоогийн эрин үеийнхэн шинэ шинэ хэрэглээг зохиомлоор үүсгэн бие биенийхээ хармааг сэгсэрч өдөр хоног өнгөрөөдөг болоо шив. Хүний хамгийн үнэт зүйл болох амь нас, эрүүл мэнд ч зохиомол хэрэглээ үүсгэгч мэргэжилтнүүдийн байны голд хэдийн оржээ. Хүний нэгэн насны махан бие гэгч байгалийн хуулиар өөрөө өөрийгөө ариусган тэжээн тэнхрүүлэх бүх л нарийн системийг багтаасан гайхамшигт машин гэлтэй. Түүнийг хэрхэн зөв ажиллуулах нь эзэн хүний "явдал, мөр"өөс шалтгаална гэдгийг дорнын анагаах ухаан юутай үнэн айлдаа вэ. Хүний биед шаардлагатай хэдхэн төрлийн минералийг байгалиасаа хүртэж болдгийн үлгэрийг хаа газрын чавганцууд хэлээд өгнө дөө. Гэтэл энд хэдэн эгнээ vitamins & minerals. Ерөөсөө бидний биенд шим шүлт байхгүй учраас эднийг үйлдвэрлээ юү гэлтэй. Хөөс мэт хэрэглээг дөрлүүлсэн бух шиг сохроор дагаж хог, хор үйлдвэрлэгчдийг хөлжүүлээд, хамгийн аймшигтай хохирол нь оюун санаа нь ядуурч, эрүүл мэнд нь хиймэл болж байгааг харсаар халширмаар. Байсаар гэдсээ хасуулж, нүдээ томруулж, нүүрээ мөлийлгөдөг болж. Эцэг эхийнхээ харж хайрлаж өсгөсөн энэ биеэрээ мөнгөний тоглоом болж байгаа нь эмгэнэл биш үү. Давхраагүй байж байгаад давхраатай болчихвол хүмүүс өөрөөр харьцдаг болно гэж байх уу? Даанч үгүй. Сэтгэл, нүүр хоёртоо шархтай л болно.
Агуу байгалийн жамыг өөрчлөөд хаа холдохов? Өтлөх цаг нь ирвэл өтлөнө л биз, үхэх цаг нь болсон бол үхнэ л биз. Харин тэрүүхэн чөлөөнд энэлсэн сэтгэл нэгийг сэргээж, харалсан дотор нэгийг цайлгаж, төөрсөн нэгний замыг зааж, амьтан хүнд тустай ганц нэг юм амжуулахсан. Тэгж хэрвээ чадвал үрчгэр нүүрийг минь харсан хэн ч үнэн санаанаасаа инээмсэглэх буйзаа...
Агуу байгалийн жамыг өөрчлөөд хаа холдохов? Өтлөх цаг нь ирвэл өтлөнө л биз, үхэх цаг нь болсон бол үхнэ л биз. Харин тэрүүхэн чөлөөнд энэлсэн сэтгэл нэгийг сэргээж, харалсан дотор нэгийг цайлгаж, төөрсөн нэгний замыг зааж, амьтан хүнд тустай ганц нэг юм амжуулахсан. Тэгж хэрвээ чадвал үрчгэр нүүрийг минь харсан хэн ч үнэн санаанаасаа инээмсэглэх буйзаа...
No comments:
Post a Comment