Monday, June 18, 2012

Амьдралыг сэтгэлээр зурдаг


 “Би” гэдэг хөрөг зургыг “сэтгэл”хэмээх бийрээр бүтээдэг. Зовлон, жаргал гэх нүд эрээлжлэм эрээн мяраан зургыг ч сэтгэл хэмээх шидэт бийрээр урлах ажгуу. Юу болж буйг ч таниж мэдэх чөлөөгүй , үймрэн самран байж зурсан зургууд тань хэсэгхэн цаг хугацааны хойдод дурьдатгал төдий болон хаа нэгтээ тоосонд дарагдан мартагдана. Энэ бол бидний бүтээдэг амьдрал.
 Бидний сайшаан ярьдгаар, амьдралд зүтгэж яваа нэгэн бүсгүйн туулж буй үйлийг, алсаас зочилж ирсэн лам ах нь хараад “Амьдралыг сэтгэлээрээ л зурдаг юм даа” гэхээс өөр үг хэлэлгүй буцсаныг дүү бүсгүй нь ярьж билээ. 
Хамгийн өчүүхэн, хамгийн ач холбогдолгүй зүйл хүртэл бидний сэтгэлд бяцхан тавгүй байдал үүсгэхээс эхлээд асар их зовлон болж хувиран бухимдал цухалдал, цаашлаад уур хилэн болон өсдөг. Бэрхшээлийн гол үндэс нь хүмүүний өөрийгөө энхрийлсэн амиа бодох сэтгэл, түүнээс улбаатайгаар үйл ба юмсын ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх үзэл аж. 
Хэрвээ та сайн ажиглавал юмсыг хэдий чинээн тухайн нэг байдалд барьж сэтгэнэ
\ хэвшмэл сэтгэхүй ба түүнтэй төстэй сэтгэл\ , төдий чинээгээр өөрөө түүндээ хүлэгдэж  юу ч хийсэн, хаа ч явсан сэтгэлд таалагдах зүйл ховор, сэтгэл хангалуун амгалан байх нөхцөлөөр хомс байна. Нэг амгалангүй сэтгэлээс үүдсэн нисваанисын эрхээр нөгөө нэг амгалангүй сэтгэл савчин хуйсагнаж байдаг. Өөрөөр хэлбэл бид хорвоогийн элдэв авир аалинд автан овоонд хатгасан дарцаг салхины аясаар дэрвэх лугаа өөрийн мэдлээр хомс явдаг байх нь. Аливаа бэрхшээл, сэтгэлийн зовлонг үүсгэгч шалтгаан нь үнэндээ бидний сэтгэлийн дорой буурай, арчаагүй мунхаг байдал юм. Тэр дундаас сэтгэлийнхээ байдлыг агшин агшинд шинжилж таних  чадамжгүй, түүнийг эзэмшсэн урьдын авъяас бүдгэрсэн\ хэрвээ байсан бол\ байдагт байгаа юм. Тэгэхээр сэтгэлийн агшин бүрийн үйлдлийг таньж барих манаач болсон санамсар, мэдэмсэрийг номлосон хамгийг мэдэгч дээдэс нарт бишрэхгүй байхын аргагүй. Нэгэнт сэтгэл аль тийшээ алдуурч буйг таньж барьсан хүн хааш нь залах, хаана тогтооход өөрийн мэдэлтэй болно. Мөн бусдын гэмийн уг гарлыг ч өөрийнхөөр жишэн таньж чадах учир уурлах, уцаарлах, гомдох шалтгаанаар хомсдох болно. Энэ чацуу үйлийн үр, үхэл мөнх бус, энэрэл хайр, бодь сэтгэлийг тунгаан бясалгаваас бэрхшээл, зовлон бүгдийн шалтгаан нь амгалангийн шалтгаанд  урвах болно. Өвчин, хагацлын ч хол ойрын шалтгаантайг ухаарах сэтгэл үүсэх тул шаналах сэмрэхийн хэмжээ тэмээн тэнгээр буурах ажгуу. Нисваанисын эрхэнд бус, өөрийн мэдэлд буй сэтгэл гэдэг ийм л илбэтэй санж. Энэ илбийн бийрээр амьдралыг дуртай өнгөөрөө зурахсан. Тийн чадахад багш нар минь адислаж хайрла.
   Бидний өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгах цагийн оронд, учирсан тааралдсан бүхэн нэгэн цагт дурьдлын орон төдийхөн болон замхрах завсарт юундаа ч ингэтлээ итгэл үнэмшилтэйгээр барьцалдан үймэлдэнэ вэ.
   Хамаг амьтан хол, ойрд уурлан, тачаах хоёроос хагацаж тэгш сэтгэл дор орших болтугай.

No comments:

Post a Comment