Saturday, June 2, 2012

Сан, тахилын ёсон


Сангийн утлагад хамгийн эрхэмлэн үздэг үнэртэн бол арц, даль, агь хэмээн номлосон байдаг. Тэдгээрийг хүн малын хөлөөс зайдуу, өт хорхойд идэгдээгүй, аглаг цэвэр газарт ургасныг нь сонгон, үр жимс нь боловсорч гүйцсэн цагт түүж авах хэрэгтэй. Сангийн эд буюу сангийн зайн үнэртэн мянга байдаг хэмээн номлосон байдаг. Иймээс анхилам үнэртний зүйл болох улаан цагаан зандан, цайвар агар, хус, хар агар, сухай, хулс тэргүүтэн модны зүйл, "Зургаан сайн" буюу зади, жүган, гүргүм, лиш, сүгмэл, гагало хэмээх зургаан зүйл эмийн дээр цагаан гүгэл, балуугийн цэцэг, хүж өвс тэргүүтэн эмийн зүйл, эрдэнэ, хувцас, үр тарианы зүйл болон "Гурван цагаан" хэмээх сүү, тараг, тос гурав "Гурван амттан" хэмээх мөсөн чихэр, бурам, зөгийн бал гурав, гурил тос зэрэг идээний зүйлийг архи, мах, сонгино сармисны үнэр амтыг халдаахгүйгээр бэлтгэнэ. Гэхдээ дээрх зүйлс нь муудсан хуучирсан бус, элдэв хорт бодис, анхилам бус үнэртэнийг тэвчсэн байваас нэн сайн. Мөн "Хоёр уст тахил ойр эдлэх тахил" буюу тавиг ус, өлмийн сэрүүцүүлэг ус, цэцэг, хүж, зул, үнэрт ус, нигуурын зоог болон хонх очир, дамар, диншэг зэрэг хөгжмийн зэмсэг сэлтийг бэлтгэнэ.

Сан

Сан тавих зан үйлийн гарал үүсэл нь Бурхан Шагжамүнийн цаг үетэй холбоотой. "Магадсанмо-гийн онол өгүүлэл" хэмээх зохиолд "Магадсанмо бээр “Бурам-шинпэл” хэмээх аглаг хязгаар орноо олон тэрсүүдээс уйсан гашуудаж, бурханыг тахихын тулд байшингийнхаа дээвэр дээр гаран сангийн утааг уул мэт уугиулсан нь Ялж төгс нөгчсөн бурханы оршин ахуй Шравасди балгаснаа тахилын уул болж харагдсан түүхтэй холбоотой юм

\/ далай лам “Балдансала” хэмээх тэнгэр лус, газрын эздийг баясгасан сан зохиосноор Төвдөд сан тавих гол ёсон ихэд дэлгэрсэн байна. Энэ гол ёсноо газар орны олон лам нар сан хийгээд сангийн олон зан үйлийг зохиожээ. Сан тавихдаа орны ялгалыг үл харгалзан тавьдаг ёстой. Сан тавихдаа ханба, арц, валү гурвыг голлодог хэмээн зарлигласан байна. Гэхдээ ариун газар ургасан ханба, арц, валу тэргүүтнийг авах ёстой ажээ.

"Хүслийн таван эрдэм" буюу дүрс, дуу, үнэр, амтлах, хүрэлцэхийн эрдмүүдийг төлөөлүүлсэн толь, биван хөгжим, хүж, тэнгэрийн зоог, торго хийгээд "Хаан төрийн долоон эрдэнэ" гэж нэрлэдэг алтан хүрд, биндэръяа эрдэнийн хөхөмдөг өнгөт чандмань эрдэнэ, дүрс бие гуа үзэсгэлэнт хатан эрдэнэ, номын хийгээд ертөнцийн үйл хэрэгт мэргэн түшмэл эрдэнэ, элдэв эрдэнэсээр чимэглэсэн заан эрдэнэ, хурдлахын ид хав төгс морь эрдэнэ, эр зориг, хүч чадал төгөлдөр баатар эрдэнийг өргөнө.

Мөн "Өлзийт найман тэмдэг", "Өлзийт найман эд" хэмээх тахилуудыг тэнгэр, хүмүүн нар Бурхан багшид өргөхөд тэдгээрийг Бурхан багш бээр өлзий хутгийн тахил болгон адистидласан ажээ. Найман тахилын "Цагаан шүхэр"-ээр Бурханы тэргүүнийг шүхэр мэт дэлгэрэхийг, "Алтан загас"-аар бэлгэ билигийн мэлмий төгсөхийг, "Лянхуа цэцэг"-ээр нигуурын төвийг дүүргэгч хэлийг, "Цагаан лавай"-гаар цог төгс хоолойг, "Эрдэнийн хумх"-аар зарлигийн эрдмийг, "Өлзий утас"-аар тааллын эрдмийг, "Дуаз"-аар лагшингийн эрдмийг, "Хүрд эрдэнэ"-ээр үйлсийн эрдмийг тус тус бэлгэддэг бол "Өлзийт найман эд" тахил нь сэтгэл үндсийг ариусгах "Толь", өвчин зовлонг дарах эм Тиван", нисванис амирлахын өлзий хутаг гарахыг бэлгэдсэн "Тараг", нас уртсахын өлзий хутагд адистидласан "Дүрваа өвс", буян дэлгэрэхийн өлзий хутаг гарахад адистидласан модны жимс "Билба", эш, онол дэлгэрэхийн өлзий хутаг гарах "Цагаан лавай", дээдийн номоор шавийг эрхэнд хураахын өлзий хутаг гарах "Лити", хатуу үйлсийг бүтээхийн өлзий хутаг гарах "Гич будаа" зэрэг олон зүйл тахилыг сан тахилгын урьд бэлддэг.

Эдгээр тахил балин, хувцас хэрэгсэл сэлтийг зурж барлан бүтээж бурхан

сахиус, тэнгэр лус тэргүүтэнд өргөх ёс байдаг бөгөөд үүнийгээ "Жансиг" буюу

"Мэлмийн болгоолт" хэмээн нэрлэдэг.

Сан тавих ёсон

Дээр дурдсан олон зүйл тахилыг бэлтгэсний дараа ариун үнэрт арц тэргүүтнийг аргалын цог дээр уугиулна. Нүүрсний цог зэрэг элдэв муу үнэртний гал, цогоор Уугиулахыг цээрлэх хэрэгтэй.

Сан тахилын зочидыг дөрвөн хэсэг зочин болгон урин залдаг.

Үүнд:

· Буяны садан болох өөрт үсэг зааснаас эхлээд номын үндэс номлосон, авшиг хайрласан, увьдас соёрхсон лам багш нар, Тантарын дөрвөн аймгийн Ядам бурхад, Бурхан багш, ойрын найман шавь, арван зургаан батад агч, Язгуурын таван бурхан, сайн цагийн мянган бурхад сэлт "Хүндлэлийн зочид" болно.

· Гурван орны баатар, дагинас, Махагал тэргүүгэн номыг тэтгэгч сахиусын чуулгад сэлт "Итгэл эрдэмийн зочид" болой.

· Тэнгэр, лус, ягчис тэргүүтэн найман аймаг, Заяан тэнгэр, жил, сар, хоногийн тэнгэр, орны тэнгэр, дэлхийн эзэд тэргүүтэн амьтад "Нигүүлсэхүйн зочин болно.

· Тотгорын язгуур найман мянга, адын язгуур гурван зуун жар тэргүүтэн нь "Өр төлөөсний зочид" болдог. Эдгээр олон зочидыг номын агаараас урин залж бясалгаад балин тахил, сан ариусгал өргөж хэрэг үйлсээ даатгах, хишиг буяны даллага авах, өлзий хутгийн үгийг өгүүлэх уншлагыг унших тэргүүтнийг үйлддэг.
www.gandan.mn - сайтаас хуулав.

No comments:

Post a Comment