5. Ажил хөдөлмөрийн он жилүүд.
Би 1945 онд цэргээс халагдаад Улаанбаатарт суухаар болж нутаг руугаа буцаагүй юм. Аавын төрсөн дүү Жамсран гэж лам ганданд суудаг байсан юм. Түүнийгээ бараадлаа. Тэр үед Улаанбаатар нийт арван хороотой, 280 өрх айлтай байсан гэдэг юм. Хотод ирээд сургууль соёлд сурсангүй, хөдөө байхдаа Наваан гэдэг хүнээр Монгол бичиг заалгасан тул бичиг үсгийн чадвараар овоо байлаа. Анх би Улсын циркэд "үнэ форм" гэж ярьж заншсан, улаан форм өмсөж жүжигдчийн хэрэгцээт зүйлсийг бэлдэж, зөөдөг ажилд орсон. Ажил хийгээд өмсөх хувцас, идэх хоолтой болоод эхнэр хүүхэд авна даа гэж боддог байв. Гэр худалдаж аваад ганцаараа амьдардаг боллоо. Хааяа лам ахындаа очдог байсан юм. Нэг өдөр лам ахындаа очтол ах маань эзгүй, харин гэрт нь нэг эмэгтэй сууж байлаа. Намайг хараад: - Лам ах чинь надад, чамайг ганцаараа байдаг юм, хоол унд хийж өгч байгаарай гэж захисан гээд, " Чи чинь хярманд дуртай гэл үү" гээд хярам чанаж, хуушуур хайрч өглөө. Тэгээд харитал тэр шөнө нойр хүрсэнгүй. Маргааш нь Октябрийн баяр байсан болохоор баярын жагсаал хийчихээд лам ахындаа дахиад очтол нөгөө бүсгүй байж байлаа. Ингэж би 65 жил ханилсан ханьтайгаа учирч билээ. Тэр жил 1948 он байсан. Би 26 настай, хөгшин маань 27 настай байсан юм даа. Надаас нэг эгч бас тэгээд надаас нилээн өндөр байсан болохоор нь би ээж гуай гэх, тэр маань намайг миний дүү гэдэг байлаа. Бид бие биендээ уурлаж уцаарлаж бараг үзээгүй дээ. Би ер нь багын дандаа инээж явдаг хүн байгаа юм. Цэрэгт байхдаа хорооны жолооч байлаа, манай сургагч Ирамов \дуудлагаар нь бичив\ гэдэг орос намайг битгий дандаа инээгээд бай гэдэгсэн.
Тэр үед цирк байсан газар нь Улаанбаатарын 4-р хороонд харъяалагддаг байсан бөгөөд хорооны нарийн бичгийн дарга Ананд гэж хүн байлаа. Улс ардын 25 жилийн ой болж наадмын талбай дээр цирк гарч, адгууснаа тоглуулагч Сандаг гэдэг хүн дөрвөн тэмээтэй үзүүлбэр хийхэд би нэг тэмээг нь авч гарсан юм. Наадмын сүүлийн өдөр нэг их бороо орж билээ.
Нэг өдөр циркийн дарга Хичээнгүй гэж хүн намайг дууддаг юм байна. Тэгээд: - Эвлэлийн төв хороонд оч, бид чамайг тэнд өглөө гэв. Эвлэлийн төв хорооны Жамбын Равдан гэдэг хүн дээр очихоор бичиг хийж өгөв. Тэнд очоод аж ахуй эрхэлдэг хүн буюу коминдант болсон доо. Тэр үед Эвлэлийн төв хороо дөрвөн тасагтай, нэгдүгээр нарийн бичгийн дарга нь Увсын Рагчаасүрэн, хоёрдугаар нарийн бичгийн дарга Өмнөговийн Найдангийн Дангаасүрэн гэж байлаа. Рагчаасүрэн даргын нарийн бичиг нь Зэвгээ гэж хүн байсан. Тэр үед юм хатуу хэцүү байсан даа. Рагчаасүрэн зүүн аймагт хуралд явахдаа архи ууж, тугаа гээгдүүлсэн хэмээн шийтгүүлж арван жилийн хорих ял авч байсан юм.
Би модны мужаан, төмрийн дархан гээд юу л бол хийж чаддаг байсан.
Эвлэлийн төв хорооноос гараад 1951-1956 онд холбооны сургуульд аж ахуйн ажил эрхэлсэн. Тэгж байтал холбооны сургууль татан буугдаад Чихэр боовны үйлдвэрт орж ажилласан. Чихэр боовны үйлдвэр буюу одооны "Өгөөж" компанид тэтгэвэрт гартлаа олон жил ажилласан. Нимгэн төмөр, мужаан, сантехникийн механик, слесарь гээд янз бүрийн ажил хийсэн. Би сайн слесарь байсан, цалин ч сайн авдаг байлаа. Тэндээ ажилласаар 1978 онд тэтгэвэрт гараад Ганданд манаач, ачигч, нярав, цэвэрлэгч хийсээр сүүлдээ лам болж хуралд суудаг болсон. Одоо ч хуралдаа хурсаар л байна.
Хөгшин маань 2011 онд 92 насандаа бурхан болсон. Чихэрт их дуртай, нарийхан янжуур татдаг хүн байсан даа.
No comments:
Post a Comment