Saturday, March 10, 2012

Дайнд оролцсон минь

Тэгээд баг, сумуудаас ирсэн нийт 70-80 хүн болоод аймгийн төв рүү хөдөллөө. Аймаг ороход таван өртөө газар бөгөөд өртөө бүр дээр нэг хоносоор Завханд очсон. Урьд нь аймгийн төвийг огт үзээгүй байлаа. Анх ирэхэд үнэр танартай, олон хүнтэй газар байв. Энд гурав хоноод "Яаз" гэдэг өндөр ногоон машин ирж нэг машинд гучин хүн ачиж, нийт арван машин хүн цэрэгт явж билээ. Залуучууд монгол дээл, монгол гуталтай, алчуураар малгай хийж толгойдоо тавьцгаасан байсан. Биднийг аймаг дээрээс хариуцаж авч явсан хүн бол  Төв аймгийн Мөнгөнморьтын Пүрэвээ гэдэг залуу байсан. Аймгаас хөдлөөд тав хоног яваад Сонгины булангийн шилээр даваад Уаанбаатарт орж ирлээ. Чийдэн гэж гялалзсан юмыг анх харлаа. Тэр өдөр наадмын өдөр таарсан юмдаг. Олон эрээн майхан ярайгаад, морь мал хөтөлсөн хүмүүс хөлхөлдөөд хөл ихтэй байсан. Явсаар Улаанхуаранд ирж биднийг дүнгэнэсэн хөндий байшинд оруулж орхиход хэцүү санагдаж байсныг хэлэх юун.
Гэтэл нэг өдөр бүрээ хангинуулж биднийг жагсаагаад ачиж зүүн тийш цуваа хөдөлж билээ. Туул их үертэй байлаа, гүүр байгаагүй үе. Голын эргээр дүүрэн хүмүүс идээ цагаагаа барин,  Налайхын хөтөл хүртэл үргэлжлэн цэрэг эрсийг үдэж байсан юм. Тэр үед мал ихтэй, идээ цагаа элбэг дэлбэг Монгол орон минь сайхан байж дээ. Бид машинаасаа бууж идэж уун, ааруул ээзгий өвөртөлж аваад цааш явсаар Хэрлэнгийн гүүрэн дээр ирж нэг хоноод, Хэнтийн төвд ирж нэг хонолоо. Хэнтий дээр цэргийн буудал нь майхан, ор дэвсгэртэй, хоол унд сайтай байж билээ.
Ер нь хаашаа, юунд явж байгаагаа бид огт мэдэхгүй байсан юм. Явсаар усгүй халуун сайран дээр ирэв. Хаана ирснээ бие биенээсээ асууцгааж Тамсаг булагт ирлээ гэдгээ мэдсэн. Ам учиргүй зангаж, зам дагуу бороо орчихсон, газар тогтсон борооны уснаас ууж дарга нарт загнуулж байв.
Намайг Тамсаг булагын 6-р дивизийн нэгдүгээр морьт хороонд хуваарилав. Цэргүүдэд олон гэр барьж нэг гэрт арван цэрэг буюу нэг тасаг цэрэг байрлав. Өглөө болгон байлдааны сургууль хийж дандаа хүн алах, ноцолдохыг заана. Дээр үеийн хүмүүс, ялангуяа лам байсан залуучууд их тогтуун ухаалаг, ухамсартай байсан болохоор гаднаа сургууль хийж байвч дотроо өөрийг боддог байсан даа. Би ч лам байж хар багаас эмх цэгцтэй сурсан, биеэ цэвэрхэн авч явдаг байсан болохоор намайг зарим үед арай гайгүй үздэг байв. Хавар нэг өдөр цэргүүдийг жагсаагаад бага даргын сургуульд заримыг нь явуулахад би бас явахаар болсон юм.
   Нэг шөнө ниваалд гарж байтал \жижүүр\, үүр цайх дөхөж байх үесд сум нижигнээд, гэрэл гялалзаад явчихлаа. Хурандаа Дандар тушаал уншаад, хүн ардын дайсан Гитлерийн эсрэг байлдана гэв. Бага даргын сургуульд байгаа цэргүүд анги ангидаа оч гэсний дагуу ангидаа иртэл бүгд нүүдлийн байдалд орсон байлаа. Ингээд цэрэг бүр 120 сумтай дайзаа бүслээд, шинелээ бөөрөнхийлж үүрээд, хорт утааны баг зэрэг нилээн ачаатай хаашаа ч юм аянд хөдөлсөн юм. Бид явсаар Сүрьеэ манхан гэж хязгааргүй их элсэн дотор орлоо. Шөнө нь окоп ухаад, өдөр нь нэг ч цэрэг зухуйхгүй. Зун зургаан сараас эхлээд цэрэг ч ядарлаа, эмээлий нь авалгүй олон хоногоор явсан морьд ч ядарлаа. Цэргүүд бөөс хуурсандаа баригдаж, бургасаар гал түлээд буцалсан устай тогоонд хувцасаа дүрээд авна. Бөөсөө арилгаж байгаа нь тэр. Одоо наадхаа мушгиад өмс гэж дарга зандрахад усыг нь мушгисан нойтон хувцасаа шууд л угладаг байсан. Тамсагаас орос талх   ирнэ. Нэг хүний өдрийн 700 грамм талхны нормтой, домбон сахар нэг килограммыг таван янчаанаар авна. Тэгээд талх сахараа цайнд хийгээд иддэг байлаа. Бас хоёр хүний дунд нэг улаан тамхи өгнө. Лам голдуу байсан цэргүүд тамхи татахгүй , тамхиа нэг амны халбагыг таван янчаанаар зарна. Тэгсээр хавар өнгөрөөд зун боллоо. Хаашаа ч юм нүүгээд л байлаа. Өглөө бүрээ татаад, агт хураагаад ирэхэээр өөр өөрийнхөө морийг хүзүүдээд авна, уургалана энэ тэр гэж байхгүй. Бидний цуваа хамгийн хол нь миний санахаар Жэхэ хот \ дуудлагаар нь бичив\ хүрсэн юм. Орос цэргүүд бас хятад цэргүүд барааны газар зэрэг л явж байдаг байсан. Монгол цэргүүдээс бусад нь явган нүүгэлтээд л хөврөөд байгаа харагддагсан.  Тэр бол 1945 оны дайн байсан юм.

No comments:

Post a Comment