Огторгуй сац амьтнаа айлдал энэрлээр машид таалаад
Тоолшгүй гуравт хоёр чуулганыг машид төгсгөөд
Гурван мянган дийлдэшгүй ертөнцийн цог болсон
Удирдагчийн манлай Шагжаан эрхэмд мөргөмүй.
Гүн билгүүнээр хоосон чанарыг машид оноод
Хичээнгүй ихтэйгээр хутгийн дээдийг эрхшээсэн
Шашин эгүүнд хоёрдугаар бурхан хэмээн алдаршсан
Хутагтын манлай Нагаржунайн өлмийд мөргөмүй.
Түүний хөвүүний ууган нь, сайн буяны цог эрдэмт
Буруу өгүүлэгчдийг эцэслэн тасалж хувь сайтыг хойноосоо дагуулсан
Нирвааныг хүсэгчдэд тонилохын замыг заагч
Аръяандэвийн өлмийд мөргөмүй.
Айлдлын хот мандлын сайн номлолын мянган гэрэлтэн
Машид уужим мэдэгдэхүүний огторгуйд үлэмж хэтэрхий бөгөөд
Сайтар ажирсны эрхэм зарлигын өдрийг үйлдэгчийн цог
Хутагт Асангын өлмийд мөргөмүй.
Есөн зуун ерөн есөн бумын аймгийн номлолуудаар
Таны оюуныг хөдөлгөж машид чимсэн бөгөөд
Энэ замбуулинд бүхнийг айлдагчийн хоёрдугаарт алдаршсан
Мэргэдийн манлай Игнэнгийн өлмийд мөргөмүй.
Хэтэрхий болсон оюуны хүчээр ариухан
Гайхамшигтай болсон эрдмийн үүргээр жавхлантай
Буруу өгүүлэгчдийн балчигт шаврыг машид гишгэн зохиосон
Ловон Чоглонгийн өлмийд мөргөмүй.
Номын ухаанаар ном бусыг ялан зохиосон
Алдрын их дуу нь гурван ертөнцөд алдаршсан
Муу өгүүлэгчдийн харанхуйг дарах өгүүлэхийн нарны дээд
Номын алдартан Дармагирдийн өлмийд мөргөмүй.
Шагшабадын далайн төвд орших бөгөөд
Буман хэсэг винайн номын цогнойлт, үзэсгэлэнт
Сайтар гэтлэхийн нирвааны чандманаар оройгоо чимсэн
Хоёр дээдийн лусын хаанд мөргөмүй.
Бурханы шашинд тэргэний замыг нээгээд
Төрөлхийтөн нугуудад сайн замыг заасан
Замбутивыг үзэсгэлэнтэй үйлдэгч Зургаан чимэг, Хоёр манлайд
Үргэлжид бишрэхүйн сэтгэлээр мөргөмүй.
Хэмээсэн үүнийг Рэндаваа Шонуйлодой бээр зохиовой.
No comments:
Post a Comment