Бидний мэдэх Сидхартха-гийн түгээмэл түүх бол хамгийн энгийн ил түүх. Өөрөөр хэлбэл үүнээс цаагуур буюу чухамдаа юу болсныг дамжуулж ирсэн далд ч гэх юм уу түүх байдгийн зах зухаас сонссон л доо. Тэгээд юу бодогдсон бэ гэвэл бурхан бол бурхан л байдаг юм байна. Бид мэдэрч, мэдэж чадах өөрсдийнхөө хэмжүүрээр бурхадын үйлсийг хэмжих аргагүй юм байнаа гэж. Исүс ч тэр, өөр хэн байдаг билээ, тэд бүгд гэгээрээд хорвоогоос ангижирсан бурхадын заасныг бид буруу зөв гэлцээд байдаг ч угтаа бол утгагүй л юм. Харин өдөр тутмын амьдрал зорилго биш санагдаад, оюундаа нэг л юм хайгаад эрээд байгаа бол жоохон цаашаа ахих цаг чинь болсон л гэсэн үг. Тэгээд л эрсэн юм маань энэ мөн үү , тэр мөн үү гээд хайтал энэ ч, тэр ч сулхан санагдаад явсаар байгаад бурханы номтой золговол цангаж явсан хүн цэнгэг булаг дээр ирэх шиг л болно. Исүсийн намтар түүхэнд зургаан жилийг хаана өнгөрүүлсэн нь тодорхойгүй байдаг гэнэ. Тэр үед Исүс Гималайд байсан гэнэ. Үнэн худлааг хэн мэдэх вэ. Гэхдээ би түүнийг гэгээрэлд хүрч нирвааныг олсон бодьгал гэдэгт итгэдэг. Харин номоо номнохдоо ямар шалтгаанаар, ямар түвшинд номносныг нь мэдэх гээд ч чадахгүй. Будда ч номоо гурван түвшинд хуваасан байдаг нь хүмүүний оюун билгийн чадамж олон янзын учир. Харин Монголд их хөлгөний шашин дэлгэрсэн нь Монгол хүний оюун билиг хир гүнзгий болохыг харуулж байгаа юм. Гэтэл өөр газрын өөр түвшний оюун ухаанд тааруулсан номыг барьж авах нь арай л чамлалтай . Гэхдээ бусдын итгэл үнэмшлийг бас хайрлах хэрэгтэй байдаг. Хамгийн харамсалтай нь эхэлж таарсан хүний үгэнд итгээд, хоёрдохь хүний үгийг сонсохыг ч хүсдэггүй хүн шиг л харьцуулалтгүй сонголт хийгдээд байгаа явдал юм. Цаг үеийн ороо бусгаа, сайнаасаа саар юм үзэж сонсох болсон он жилүүдэд асрал хайр, хамт олон, сэтгэлийн дотор орсон үг аль алинаар нь гачигдаж явсан олон хүнд пастеруудын үг яриа, сүмийн найз нөхөд, хаяа сунгах тусламжийн гар хичнээн сайхан байсныг ойлгож болох юм. Ганцхүү тэдний маань хүсч буй аз жаргал зөвхөн энэхэн богинохон насных биш байгаасай, өнө удаан үргэлжлээсэй. Яг л бурхан багшийн хэлсэн шиг хамаг амьтан амгалангийн шалтгаанаар төгөлдөр байгаасай. Хамаг амьтан зовлонгийн шалтгаанаас хагацаасай. Тэгж л байвал аль ч шашин байсан ялгаа юу байх в дээ.
Уулны ургаа модыг ууланд байхад нь мод гэнэ, зүсээд тавьбал банз болно, хөрөөдөөд тайраад углуурага энэ тэр гаргаад ширээ болгоно. Ширээгээ хуучраад эвдрээд унавал нэг удаа гал түлээд цай чаначихна. Нөгөө мод маань үнс болов. Үнсээ гаргаад хаялаа. Шороонд шингэв. Элдэв шороо чулууг ашиглаад тоосго хийв....Саяхан чиний гишгэсэн саарал үнс Сайхан залуугийн нүд байсан юм гэсэн мөр уншиж байснаа санаж байна. Ямар ч гоёл чимэггүй нүцгэн үнэнээс хүмүүс цэрвэнэ. Сая сая жилд бидний хэн нь хэн байв, хэн нь хэнтэй ээж хүү бололцож явав. Одоо бие биенийгээ танихгүй явна.
No comments:
Post a Comment