Wednesday, May 23, 2012


Хүмүүс яг ижилхэн зүйлийг хараад яагаад өөр өөр сэтгэгдэлтэй байдаг вэ? Тэдний хэн нэгний зөв байдаг уу, эсвэл бүгдээрээ зөв үү, эсвэл бүгдийнх нь буруу юу?   Ийм асуултанд  хүмүүс голдуу юуг харж байгаагаас шалтгаална гэж хариулдаг.  Харж буй юм нь адилхан нэг л юм байхад харж байгаа хүмүүс нь олон янз байгаад гол нь биш үү? 
Зөвхөн эндээс л хүмүүний ертөнцийн маш том төөрөгдөл эхэлнэ. Яагаад гэвэл хүн гадагшаа харж, мэдэрч, гаднаас шалтгаан олоод гадагш хандсан дүгнэлт хийж байдаг. Харж, мэдэрч байгаа , өөрөөс ангид, гадна байгаа шалтгаан юманд л буруу зөвийг тохохоос биш янз бүрээр хараад байгаа тэр эрээн мяраан \элий балай ч гэсн яахав\ бодол сэтгэлээ дотогшоо өнгийж шинжлэхгүй байгаа юм.  Бид супер машин , I pod, smart phone \түүнийг хүн бүхэн хэрэглэдэггүй\ зохиосон хүмүүсийг ухаантайгий нь гайхах хирнээ бүх л хүн бүгдийг төрөхөөс авахуулаад үхтэл хамт байх, зүгээр ч хамт байхгүй дандаа элдэв асуудал үүсгэж, элдэв янз болгоод байдаг сэтгэл гээч барих биегүй эдийн нарийнаас нарийн учир начирыг тайлж өгсөн хүмүүсийг яагаад үл ойшоодог вэ. \ тэд бизнес хийдэггүйд байгаа юм уу\. Энэ түлхүүрээр бүгдийг залж болдгыг амьдрал дээр мэдээд байгаа хирнээ яагаад маш ашигтайгаар хэрэглэхийг хүсэхгүй байна \ харин зарим хүмүүс сонгууль монгуульд хөөрхөн ашиглаад байгаа юмаа бас\. Тэгсэн хирнээ үнэ төлж авдаг эд юмсыг хэрэглэж байгаагаараа тун сохроор уралдана, түүнээсээ аймаар таашаал авч хүсэл шунал дээр бизнес хийгчдэд гүн туслалцаа үзүүлнэ. Долоон тэрбум хүнд долоон тэрбуман янз бодол сэтгэл буй . Тэр сэтгэлүүдэд нийтлэг шинж байна уу? Нийтлэг шинж байгаа бол нийтлэг эрх ашиг байж таарна. Тэрхүү нийтлэг эрх ашгийг жаргал гэнэ. 

Saturday, May 19, 2012

Маргаад яах вэ

Бидний мэдэх Сидхартха-гийн  түгээмэл түүх бол хамгийн энгийн ил түүх. Өөрөөр хэлбэл үүнээс цаагуур буюу чухамдаа юу болсныг дамжуулж ирсэн далд ч гэх юм уу түүх байдгийн зах зухаас сонссон л доо. Тэгээд юу бодогдсон бэ гэвэл бурхан бол бурхан л байдаг юм байна. Бид мэдэрч, мэдэж чадах өөрсдийнхөө хэмжүүрээр бурхадын үйлсийг хэмжих аргагүй юм байнаа гэж. Исүс ч тэр, өөр хэн байдаг билээ, тэд бүгд гэгээрээд хорвоогоос ангижирсан бурхадын заасныг бид буруу зөв гэлцээд байдаг ч угтаа бол утгагүй л юм. Харин өдөр тутмын амьдрал зорилго биш санагдаад, оюундаа нэг л юм хайгаад эрээд байгаа бол жоохон цаашаа ахих цаг чинь болсон л гэсэн үг. Тэгээд л эрсэн юм маань энэ мөн үү , тэр мөн үү гээд хайтал энэ ч, тэр ч сулхан санагдаад явсаар байгаад бурханы номтой золговол цангаж явсан хүн цэнгэг булаг дээр ирэх шиг л болно. Исүсийн намтар түүхэнд зургаан жилийг хаана өнгөрүүлсэн нь тодорхойгүй байдаг гэнэ. Тэр үед Исүс Гималайд байсан гэнэ. Үнэн худлааг хэн мэдэх вэ. Гэхдээ би түүнийг гэгээрэлд хүрч нирвааныг олсон бодьгал гэдэгт итгэдэг. Харин номоо номнохдоо ямар шалтгаанаар, ямар түвшинд номносныг нь мэдэх гээд ч чадахгүй. Будда ч номоо гурван түвшинд хуваасан байдаг нь хүмүүний оюун билгийн чадамж олон янзын учир. Харин Монголд их хөлгөний шашин дэлгэрсэн нь Монгол хүний оюун билиг хир гүнзгий болохыг харуулж байгаа юм. Гэтэл өөр газрын өөр түвшний оюун ухаанд тааруулсан номыг барьж авах нь арай л чамлалтай . Гэхдээ бусдын итгэл үнэмшлийг бас хайрлах хэрэгтэй байдаг. Хамгийн харамсалтай нь эхэлж таарсан хүний үгэнд итгээд, хоёрдохь хүний үгийг сонсохыг ч хүсдэггүй хүн шиг л харьцуулалтгүй сонголт хийгдээд байгаа явдал юм. Цаг үеийн ороо бусгаа, сайнаасаа саар юм үзэж сонсох болсон он жилүүдэд асрал хайр, хамт олон, сэтгэлийн дотор орсон үг аль алинаар нь гачигдаж явсан олон хүнд пастеруудын үг яриа, сүмийн найз нөхөд, хаяа сунгах тусламжийн гар хичнээн сайхан байсныг ойлгож болох юм. Ганцхүү тэдний маань хүсч буй аз жаргал зөвхөн энэхэн богинохон насных биш байгаасай, өнө удаан үргэлжлээсэй. Яг л бурхан багшийн хэлсэн шиг хамаг амьтан амгалангийн шалтгаанаар төгөлдөр байгаасай. Хамаг амьтан зовлонгийн шалтгаанаас хагацаасай. Тэгж л байвал аль ч шашин байсан ялгаа юу байх в дээ. 
Уулны ургаа модыг ууланд байхад нь мод гэнэ, зүсээд тавьбал банз болно, хөрөөдөөд тайраад углуурага энэ тэр гаргаад ширээ болгоно. Ширээгээ хуучраад эвдрээд унавал нэг удаа гал түлээд цай чаначихна. Нөгөө мод маань үнс болов. Үнсээ гаргаад хаялаа. Шороонд шингэв. Элдэв шороо чулууг ашиглаад тоосго хийв....Саяхан чиний гишгэсэн саарал үнс Сайхан залуугийн нүд байсан юм гэсэн мөр уншиж байснаа санаж байна. Ямар ч гоёл чимэггүй нүцгэн үнэнээс хүмүүс цэрвэнэ. Сая сая жилд бидний хэн нь хэн байв, хэн нь хэнтэй ээж хүү бололцож явав. Одоо бие биенийгээ танихгүй явна. 

ЯМАНДАГ


          Тантарын дөрвөн аймгийн бурхадын чуулганы их ядам Ямандаг буюу Аюусган үйлдэгч нь хилэнт дүрээр заларч, алин номхотгон үйлдэгч шавийн тус хэргийг зохиодог бөгөөд шашны сахиул номыг тэтгэгчдийн хаан юм. Тиймээс аливаа тахилга үйлдэхийн өмнө түүний бүтээл, бясалгал алин болох нэгийг дэлгэр ба хураангуйгаар унших ёсон түгээмэл байдаг. Энэ нь хийж буй үйлдээ тотгор саад оруулахгүй, ёсчлон бүтээхийг залбиран даатгаж байгаа хэрэг бөгөөд бусад арвис тарни урин унших, сэд бүтээлийг олоход ч хүчийг өгдөг учиртай.
          Хилэнт дүр байдалтай бурхад нь хүмүүний сэтгэлд орших тоолшгүй муу атхаг гэмийг дүрсэнд ургуулж, тэднийг товроглон устгахыг бэлэгдэн элдэв багж зэмсэг агсаж, хорт могой, барс, хүн дүрст элдэв зүйлээр чимэглэсэн байдаг билээ. Тиймээс тэдгээрийг бодтой хүн, амьтанд эндүүрэн сэжигдэх нь төөрөгдөл болох бөгөөд ямараар номхотгох учиртай түүнд тийм дүр байдлыг үзүүлэн засах ёстой гэдгийг сэнхрэн ухтугай.