Wednesday, February 29, 2012

92 настай Базарсэд лам гуайн намтар

 1. Угсаа гарал:   
  Би 1921 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Тарна толгой хэмээх газар, өвлийн эхэн сарын 22-д төрсөн билээ. Хуучнаар бол Засагт хан аймгийн Авшай гүний \Дамдин авшай\ хошууны Санрай овгийн хүн юм. Миний эцгийн эцэг Бадрах гэж  ном сайтай, ширүүн догшин зантай хүн байсан гэдэг. Аав маань ах дүү найм есүүлээ юм гэнэ билээ. Ари гэгээн Дамдинчигдан бол миний аавын төрсөн дүү юм. Мөн Шийрэв, Цүлтэм, Жамсран гэж эрэгтэй, Тогооч, Шагдар гэж хоёр эмэгтэй дүүтэй, хамгийн бага дүү нь Насанжаргал гэж хүн байсан. Эцэг Түвдэн маань намайг таван настай байхад 44 насандаа бурхан болсон. Өвлийн эхэн сарын 22-ны их цасан шуургатай өдөр аавыг нас барсан гэж ээж ярьдаг байв.
  Миний ээж Цэрэн ааваас арав дүү хүн байсан бөгөөд Нооной Дорж гэдэг хүний ганц охин байсан юм. Ээжийг маань төрүүлээд эх нь нас барахад Вандан гэдэг хүн өргөж авч өсгөсөн гэдэг. Ээжийн өргөмөл эх Тогтох гэж хүн байсан. Мөн Галаарив гэдэг өргөмөл эрэгтэй дүүтэй байсан юм. Ээж маань 45 насандаа бурхан болсон доо. Би эхээсээ зургуулаа, хоёр ах, нэг эгч, эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй.
  
  2. Бага нас минь.
Би таван настай ном үзэж эхэлсэн. Дээхэн үед хүүхдийн тав ба долоон нас нь аливааг амархан сурдаг мөчлөг гэж үздэг байсан. Миний нагац Мишиг ловон надад анх цагаан толгойн 28 үсэг заасан юм. Тэр өвлийн нэг өдөр анхны судар номтой болоод түүнийхээ улаан шугамтай гоё сайханд шохоорон шоголыг нь нээтэл салхинд тараад хийсчихэж билээ. Тэгээд нэг нэгээр нь түүгээд өвөртлөөд л байсан. Тэгж яваад хоёр чих, хуруунуудаа хөлдөөчихсөн юмдаг. Ээж маань 20 литрийн том тогоонд бүлээн ус шар сүүтэй хийгээд намайг дотор нь суулгаад  байсан. Хөлдсөн хэсэг их өвдөж байж билээ. Тэр анхны судар маань Гавсүм буюу Бурхан багшийн магтаал байсан юм. Би энэ номыг насаараа уншсан. Өдөрт голдуу зуун удаа уншдаг. Одоо бараг дүнчүүр дөхсөн байх. Энэ номоо унших их дуртай, түүнийгээ уншаад гарахаар ажил төрөл ч сайхан бүтдэг юм.
  Намайг долоон настай байхад тэнхим анх үүсч манай нутгаас дөрвөн хүүхдийн нэр зааж аймаг руу тэнхимд суулгахаар боллоо. Гэтэл ээж маань намайг тэнхимд суулгахгүй гэж оргуулаад Нөмрөгийн хүрээн дээр Буурал Гомбожав гэдэг ламд шавь оруулсан юм. Багш маань зодож жанчдаггүй сайн багш байлаа. Надад сахил хүртээж Лувсанцүлтэм хэмээн сахилын нэр хайрласан билээ. Сахил хүртсэнээр хуралд суух эрхтэй болов. Тэр үед Нөмрөгийн хүрээ нь арван таван дацан, дугантай, зуу гаруй ламтай байсан. Би Дарь эхийн дуганд суудаг байв. Ном уншихдаа  чанга дуугаар унших дуртай, хэн нэг нь танай Базарсэд дориун юмаа гээд хэлчихвэл бүр хөөрөөд учиргүй чанга уншдаг байлаа.
  Манай багш төмрөөр зуух хийдэг, гарын дүйтэй хүн байсан. Аймгийн дарга, намын дарга нарт зуух хийж өгсөн юмдаг. Би багшийгаа дагаад яндан цохиж сурлаа.
  Ингээд намрын адаг, өвлийн гурван сарыг аваад, цагаан сарын хурал дуусгаад шинийн арван таванд хөдөөнөөс ах маань хөтөлгөө морьтой ирж би хөдөө гэртээ гарлаа.
  Ер нь лам нар зун хөдөөлөөд, зуны сүүл сарын арван тавны хайлан \гэлэнгийн хайлан\ хурахад хүрээндээ ирдэг байсан. Хайланд хураагүй болон ер нь хөдөөлсөн лам нар айраг ууж, айлын жасаа уншдаг байсан. Гомбожав багш маань гурван ламын хамт айлын жасаа уншихад би хэнгэрэг цохино, тахил тавина, балин хийнэ. Жасаа уншина гэдэг нь тухайн айлын шүтдэг сахиусуудыг тахина гэсэн үг. Жамсран, Гомбо, Чойжоо, Лхам сахиусуудыг тахина. Айлууд жасаагаа уншуулаад лам нарт өглөг болгон хундан цагаан хонь өргөнө, зарим бэл сайтай нь бод амлана, харин мань мэтийн хүүхдүүдэд ишиг хурганы арьс, самбай хадагтай өгдөг байлаа. Самбай хадаг хоёр янз байдаг л даа. Нэг нь урт торгон самбай байхад нөгөө нь тохой хирийн урттай, богино самбай байдаг байсан юм.
  Намрын эхэн сарын шинийн арван таванд Майдар эргэж, цам гардаг байсан. Би тэр жил цамын Цагаан өвгөний хүүхэд-эрвээхэйд, бусад гурван хүүхдийн хамт гарч ихэд хөгжилтэй байж билээ. Ингээд өвөл болж хүрээндээ суулаа. Найман нас хүрч, аливаад нилээн цэгцтэй болсон байв. Багштайгаа хамт амьдарч, ус авах, цай чанах, багшийнхаа гүнцэгийг бэлдэх зэрэг ажил хийдэг байсан. Өглөө багш их эрт харанхуй байхад л, "Баруун хярааны орой дээр Гурван марал хөндөлслөө шүү. Босоорой" гээд л дуудна. Тэгээд босоод өөхөн дэнгийн гэрэлд номоо үзнэ. Дэнгийн голоо багашиг хийж бүдэгхэн гэрэл гаргадаг байсан. Үүрийн цолмон Нөмрөгийн  оройгоор дөнгөж гарангуут галаа түлээд, багшдаа цай чанаж аягалж тавьчихаад, өөртөө хярам чанадаг байсан. Багштайгаа зэрэгцэж цай ууж болохгүй номтой тул хярам уудаг байлаа.
 Дундаа яндантай хятад  халуун тогоонд багшийн гүнцэгийг хийдэг байв. Хоёр аяга хоол иддэг бол яг л хэмжээгээр нь хийнэ. Хутгах ус, хөшиглөх мах нь нарийн хэмжээтэй. Өөртөө шар будаатай хоол хийнэ. Тэр үеийн мал тарган сайхан байж дээ. Ээж минь надад өвлийн хүнсэнд гурван богийн мах авчирч өгдөг байсан юм. Багшаараа заалгаад мах эвдэнэ, хонины нэг гуяыг хорин хэсэг хуваагаад бэлдээд тавьчихна. Гурван ясыг нь гурван өдрийн хоол болгоно. Чөмөг идвэл хурц тул ухаан муудна гээд идүүлдэггүй байсан. Баруун булаг гэж нэг их алт гялалзсан сайхан ус байдаг байлаа. Би тэндээс ус авдаг байсан юм.
   Иймэрхүү маягаар амьдарсаар арван нэгэн нас хүрч Чойрт орохоор боловоо. Чойрт орох буюу чойрын ном үзэхийн өмнө Цогчин унзад,...унзад нарт очиж шалгалт өгдөг ёстой. Өөхөн дэнгийнхээ гэрэлд хорин найман магтаалаа \гучин хоёр магтаал ч гэдэг\ цээжлээд, Уманжүгва, Ундагжан гэж хоёр ном үзээд , Гомбо сахиус номыг үзээд шалгуулж тэнцлээ. Тэгээд Дашчоймбол хийдийн Чойрд орох боллоо. Дэг жаягийн дагуу дөрвөн хуруу өргөнтэй орхимж зүүхээр болтол надад орхимж байсангүй. Багш маань алд хирийн урттай, дөрвөн хуруу өргөн хятад манчууг орхимж болгож өглөө. Ингээд 27 хүүхэдтэй хамт нэг зиндаа болж орсон доо. Тэр өдөр анх хуралдаа хурж ирчихээд жигтэйхэн баяртай багшдаа хоол хийж байтал, Харуул Наваан гэдэг хүн нилээн ууртай ирж багшийг загнаж билээ. - Чи яагаад хүнээр тоглож байгаа юм, энэ хүн чинь цаашдаа яах болж байна гэх зэрэг үгс хэлсэн нь надад үнэтэй эдээр орхимж хийж өгснөөр буяны нь барах вий гэсэн санаа байсан юм. Хүний сэтгэл тийм л сайхан байсан үедээ. Чойрын ном үзэхээр өвгөн хамба Дамба гэдэг хүнд шавь орлоо. Ер нь би арваад багштай, багш болгон өөр өөр ном заадаг байсан. Хадаг ямар ямар өнгөтэй байх вэ, цагаан, цэнхэр, улаан, шар гээд л түвдээр цээжилнэ дээ. Маргааш нь цээжилснээ шалгуулаад дараагийн даалгавраа авна. Зуны цагаар хөдөө хоёр сар болоод хүрээндээ ирдэг байлаа. Ингэсээр арван гурван нас хүрэв. Би аавгүй өнчин, бага байсан болохоор ээж минь намайг их хайрладаг байсан.
  Намар хайлан \ дөчин тав хоног хурдаг\ эхлэх дөхөж байтал нэг өдөр Цогчин их гэсгүй Балданхүү гэдэг хүн намайг оройн дэнгээр ир хэмээн дуудуулав. Оройн дэнгээр очоод өмнө нь сөхрөн: - Та намайг таалаа юу гэвэл, - За чи энэ намар хайлангийн дуганч хийнэ шүү гэдэг юм байна. Ингээд дуганч болж хоол унд, идээ будаа элбэг дэлбэг , жаргалтай сайхан жилүүдийг өнгөрөөсөн. Багштайгаа байсаар арван долоон нас хүрлээ. Хэлмэгдэлтийн зах зух дуулдаж тэнд энд, тэр энийг барив гэлцэх болов. Тун удалгүй манай нутгийн лам нарыг цувуулан барьж эхэлсэн дээ. Нэг өдөр багш маань: - Эвгүй юм болох нь шиг байна шүү. Чи ээжид минь хэл хүргэнэ биз. Би урьд шөнө таагүй зүүд зүүдлэв гэлээ. Та юу зүүдлээ вэ гэтэл: - Би үхсэн байх юм, тэгээд өөрөө өөртөө маань уншиж байна гэж зүүдэллээ гэж билээ. Нээрээ ч хоёр хоногийн дараа багшийг бариад явлаа. Би багшийгаа өртөөн дээр дагаж очоод ирж билээ. Ингээд би хөдөө гарлаа. Лам нарыг бүгдийг нь бараг бариад дууслаа, дуган сүмийг ухаж бурхан шүтээнийг эвдэн сүйтгэлээ. Залуу бага лам нар зүсээ хувилган энгийн болж, амны тамхи татаж, авгай хүүхэд авцгааж билээ. Мэргэ төлөг үзэх хүнгүй болов. Би эхлээд хонины хорголоор мэргэлдэг байснаа дал шатааж үзэх болсон. Хүмүүс намайг далаа нэг шатаагаатах гэдэг байсан. Би багшийгаа мэргэлтэл амьд байхгүй байгаа нь харагдсан юм. Ингээд хавар боллоо. Их хэцүү байсан. Багшгүй, үзэх номгүй боллоо.

 3. Амьдралд хөл тавьсан минь.
 Амьдрахын тулд ахтайгаа нийлээд баазын мал туусан даа. Шивэртээс Хатгал хүртэл дөрвүүлээ суурь хонь тууж хоёр ч удаа явсан юм. Туувраас ирээд Байц гэдэг газар морин өртөө хийлээ.      
Өртөө хийж урагшаа Хяртан, хойшоо Нөмрөг орсоор өвлийг өнгөрөөлөө. Өртөө хийх хэцүү ажил, яаруу сандруу албан бичигтэй хүмүүс тал талаас ирнэ. Зарим хүн их дээрэнгүй, зодох ч үе гарна. Өртөө хийгээд морины хөлсөнд хоёр янчаан авна. Гучин мод газар \ нэг километр орчим\ нэг өртөө болно. Арван мод газар яваад морины амьсгаа дарна. Мод хатгаж тэмдэг тавьсан байдгийг нэг мод газар гэж байгаа хэрэг. Өртөө хийх нарийн дүрэм журамтай, морийг хамаагүй давхиулж болдоггүй. Шөнө нь адуугаа манаж хононо. Өвлийн шөнө ямаан дэгтий өмсөөд явах ч манай нутаг их хүйтэн, заримдаа цасан шуурга тавиад, ноход улих шөнөөр шантарч уйлах ч үе байдаг байсан. Одоогийн шиг адуу малын хулгай гэж байсангүй, хээрийн боохойноос л адуугаа хамгаалж байгаа хэрэг. Мод элбэгтэй газар болохоор ил гал гаргана. Ингэж хоноод өглөө нь ээлж таарвал шууд өртөөнд мордох ч үе байх. Хоёр жил ингэж яваад арван есөн нас хүрч нэг л өдөр цэргийн зарлан дуудах авдаг юм байна.  Сарын дараа ургахын улаан нарнаар сумын захиргаан дээр бэлэн бай гэв. Ингээд суман дээр цэргийн бэлтгэл заалгаж гурав хонолоо.

Tuesday, February 7, 2012